Google Газрын зургийн эцсийн хэрэглэгчийн үйлчилгээний нэмэлт нөхцөл
Сүүлд өөрчилсөн огноо: 2025 оны 6-р сарын 4
Google Газрын зураг, Google Газрын зургийн платформын үйлчилгээг нэгтгэсэн аливаа гуравдагч талын бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигласнаар эцсийн хэрэглэгчийн хувьд та (1) Google-н Үйлчилгээний нөхцөл, (2) эдгээр Google Газрын зургийн үйлчилгээний нэмэлт нөхцөлийг (“Газрын зургийн нэмэлт нөхцөл”) зөвшөөрөх ёстой. Газрын зургийн нэмэлт нөхцөл нь Google Газрын зураг/Google Earth, Google Газрын зураг/Google Earth-н API-д зориулсан хуулийн мэдэгдэх бичгийг эш татан нэгтгэсэн болно.
Эдгээр баримт бичиг тус бүрийг анхааралтай уншина уу. Эдгээр баримт бичгийг хамтад нь "Нөхцөл" гэнэ. Эдгээр нь та манай үйлчилгээнүүдийг ашиглах явцдаа биднээс ямар хүлээлттэй байхыг, мөн бид танаас ямар хүлээлттэй байхыг тодорхойлдог.
Хэрэв та Business Profile-аа удирдахад Google Газрын зургийн зөвхөн худалдаачдад зориулсан онцлогуудыг ашигладаг бол https://support.google.com/business/answer/9292476 дээрх Google Business Profile-н нөхцөлүүд энэ хэрэглээнд хэрэгжинэ.
Бид танд манай Нууцлалын бодлогыг уншихыг зөвлөж байна. Энэ нь бид ямар мэдээлэл цуглуулдаг, яагаад цуглуулдаг, мөн та мэдээллээ хэрхэн шинэчлэх, удирдах, экспортлох, устгах боломжтойг тайлбарладаг.
Лиценз. Та эдгээр Нөхцөлийг мөрдөж байгаа тохиолдолд Google-н Үйлчилгээний нөхцөл нь танд Google Газрын зураг ашиглах лиценз болон дараах боломж бүхий онцлогуудыг олгодог:
газрын зургийг үзэх, тэмдэглэгээ хийх;
KML файл болон газрын зургийн давхарга үүсгэх; мөн
контентыг видео болон хэвлэмэл хэлбэрээр зохих онлайн атрибуттайгаар нийтэд харуулах.
Google Газрын зураг дээр хийхийг зөвшөөрсөн тодорхой зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Google Газрын зураг, Google Earth болон Гудамж харах үйлчилгээг ашиглах зөвшөөрлийн хуудсыг үзнэ үү.
Хориотой үйлдэл. Энэхүү 2-р хэсгийг та мөрдөж буй эсэхээс Google Газрын зургийг ашиглах таны лицензийн нөхцөл хамаарна. Та Google Газрын зураг ашиглах үедээ дараах зүйлсийг хийж болохгүй (эсвэл тэдгээр үйлдлийг таны өмнөөс хийхийг хэн нэгэнд зөвшөөрч болохгүй):
Google Газрын зургийн аль нэг хэсгийг дахин хуваарилах, зарж борлуулах, Google Газрын зураг дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ үүсгэх;
контентыг хуулбарлах (Google Газрын зураг, Google Earth болон Гудамж харах үйлчилгээг ашиглах зөвшөөрлийн хуудас эсвэл холбогдох оюуны өмчийн тухай хууль, үүний дотор "шударгаар ашиглах" нөхцөлийн дагуу танд ингэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
контентыг их хэмжээгээр татаж авах, контентын том суваг үүсгэх (эсвэл бусдаар үүнийг хийлгэх);
Google Газрын зураг ашиглан Google Газрын зургийг орлохуйц эсвэл үүнтэй нэлээд төстэй үйлчилгээнд ашиглах зорилгоор зураглалтай холбоотой өгөгдлийн багц (тэр дотроо зураглал, навигацийн өгөгдлийн багц, бизнесийн жагсаалтын өгөгдлийн бааз, имэйлийн жагсаалт эсвэл телемаркетингийн жагсаалтыг) үүсгэх, баяжуулж өргөтгөх; эсвэл
Google Газрын зургийн аль нэг хэсгийг Android Auto гэх мэт Google-н нийлүүлдэг тодорхой онцлогоор дамжуулснаас бусад тохиолдолд тухайн агшинд зам заалгах эсвэл тээврийн хэрэгслийн автомат удирдлагад холбож бусад хүний бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хоршуулан ашиглах.
Бодит нөхцөл байдал; Эрсдэлийг урьдчилан тооцох. Google Газрын зургийн газрын зургийн өгөгдөл, замын хөдөлгөөн, чиглэл болон бусад контентыг ашиглах үед бодит байдал нь газрын зургийн илэрц, контентоос зөрж магадгүй тул та нөхцөл байдлыг бие даан үнэлж дүгнэн, эрсдэлийг өөрөө хариуцан Google Газрын зургийг ашиглана уу. Та аль ч тохиолдолд өөрийн үйлдэл, түүнээс гарах үр дагаварт хариуцлага хүлээнэ.
Google Газрын зураг дахь таны контент. Google Газрын зурагт таны байршуулдаг, оруулдаг, хадгалдаг, илгээдэг, түүнээс хүлээн авах контент нь Google-н Үйлчилгээний нөхцөл, тэр дотроо “Таны контентыг ашиглах зөвшөөрөл" гэдэг хэсэг дэх лицензэд хамаарна. Гэвч зөвхөн таны төхөөрөмж дотор байгаа контентыг (жишээ нь: төхөөрөмж дотор хадгалагдаж буй KML файл) Google-д байршуулаагүй эсвэл илгээгээгүй тул энэхүү лицензэд хамаарахгүй.
Засгийн газрын эцсийн хэрэглэгчид. Хэрэв та төрийн байгууллагыг төлөөлөн Google Газрын зургийг ашиглаж байгаа бол дараах нөхцөлүүд хэрэгжинэ:
Хамрагдах хууль.
Америкийн Нэгдсэн Улс болон Европын Холбооны хот, муж улсын төрийн байгууллагын хувьд баримтлах хууль, нутаг дэвсгэрийн тухай Google-н Үйлчилгээний нөхцөлийн хэсэг үйлчлэхгүй.
Америкийн Нэгдсэн Улсын холбооны төрийн байгууллагад Google-н Үйлчилгээний нөхцөлийн баримтлах хууль болон нутаг дэвсгэрийн тухай хэсэг бүхэлдээ дараах байдлаар өөрчлөгдсөн:
“Эдгээр Нөхцөлийг Америкийн Нэгдсэн Улсын хууль тогтоомжоор зохицуулах бөгөөд зөрүүтэй эрх зүйг эшлэхгүйгээр тайлбарлаж, хэрэгжүүлнэ. Зөвхөн холбооны улсын хуулийн хүрээнд: (A) Холбооны холбогдох хуулийн заалт байхгүй тохиолдолд Калифорни муж улсын хууль (Калифорнийн зөрүүтэй эрх зүйн дүрэм энд хамаарахгүй) үйлчилнэ. (B) Эдгээр Нөхцөл эсвэл Google Газрын зурагтай холбоотой маргаан үүссэн тохиолдолд гагцхүү Калифорни муж улсын Санта Клара тойргийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд талууд эдгээр шүүхийн эрх мэдлийн хүрээнд маргаан шийдвэрлэхийг зөвшөөрнө.”
АНУ-ын Засгийн газрын хязгаарлагдмал эрх. Google Газрын зурагт хандах, ашиглах Америкийн Нэгдсэн Улсын Холбооны Засгийн Газрын бүх үйлдэл нь Google газрын зураг/Google Earth-н хуулийн мэдэгдэх бичгийн "АНУ-ын Засгийн газрын хязгаарлагдмал эрх" хэсэгт хамаарна.